Баруун Монголын тухай: Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан
Эдгээр бүс нутагт оршин суудаг угсаатны олон янз байдал нь соёлын нээлт хийх сайхан боломж юм. Хамгийн алдартай нь Баян-Өлгий аймагт оршин суудаг казак үндэстэн юм. Казакууд баялаг соёлтой, ойр дотны гэр бүлтэй, олон зуун жилийн түүхтэй олон уламжлалтай. Казакууд бол Монгол Улсын хүн амын 6%-ийг бүрдүүлдэг 101 мянган хүнтэй, халхуудын дараа орох хоёр дахь том ястан юм.
Аялах газрууд: Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар, Потанины мөсөн гол, Монголын хамгийн том нуур Увс нуур, Цамбагарав, Сутай цаст уулс, эртний хадны зураг бүхий Цэнхэрийн агуй, Хар ус нуурын байгалийн цогцолборт газар, Түргэний хүрхрээ, Хотон, Хурган нуурууд болон бусад олон газрууд.
Үйл ажиллагаа: Ууланд авирах, явган аялал хийх, морь унах, зэрлэг байгальд аялах, олон үндэстний уламжлал, соёлыг мэдрэх, бүргэдээр ан хийх туршлага, гэрэл зургийн аялал
Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уулс юм. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр /Хүйтэн оргил-ДТД4374м/ хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд оршдог.
Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн голууд Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.
Анхлан 1956 онд Монголын уулчид авирч байснаас хойш олон уулчид авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.
1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг тахиж байхаар болсон.
Увс нуур нь далайн түвшнээс дээш 753 метр өндөр орших, 3350 ам дөрвөлжин километр нутаг дэвсгэр бүхий Монгол улсын хамгийн том нуур юм. Нуурын зүүн хойд хэсэг нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсад хамаарагддаг. Тус сав газрын хамгийн том хот нь Улаангом юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд ихээхэн давсархаг, гүехэн устай байдаг.
Увс нуурын савд хүн амын нягтшил бага, аж үйлдвэрийн салбар хөгжөөгүй, оршин суугчид нь эртний уламжлалт нүүдлийн ахуйгаа өнөөг хүртэл орхиогүй байгаа нь тус бүсийн экосистем онгон төрхөө хадгалан үлдэхэд чухал нөлөө үзүүлсэн байна. 2003 онд ЮНЕСКО-оос Увс нуурын сав газрын Дэлхийн өвд бүртгэн авсан байна. Энэ сав газрын талаар цохон тэмдэглэхдээ “…Төв Азийн хамгийн том хөндөгдөөгүй усны хагалбар, дэлхийн түүхэнд тод ул мөр үлдээсэн нүүдэлчид Хүннү, Түрэг, Скифүүдийн уугуул нутаг болох Увс нуурын сав нь байгалийн үзэмж төгсөөс гадна 40000 гаруй археологийн дурсгалуудыг агуулдаг билээ…” гэсэн байна.
Ховд, Баян-Өлгий аймгийн заагт орших Цамбагарав уул мөнх цаст уул бөгөөд 4195 метр өндөр. Энэ уул нь ан амьтнаар баялаг Монгол Алтайн нуруунд байдаг. Энэхүү уул нь ан амьтнаар баялаг төдийгүй мөс судлалын ач холбогдолтой, нэн ховор ирвэсний өсөлтийг хангахуйц чухал нутаг дэвсгэр аж. Ховд, Баян-Өлгий аймгийн нутгийн заагаар орших энэ уулыг 2000 онд 1109 ам км талбайгаар улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.
Урьд цагт өөлд үндэстнүүд Цамбагарав уулыг Цаст гэдэг байжээ. Нэгэн уран дархан хүн уулын өнгө байдалд нийцүүлж бурхан бүтээгээд түүнийгээ Цамбагарав хэмээн нэрлэж, Цастын өвөр Жинст уулын оройд залснаас хойш Цамбагарав хэмээн нэрийджээ. Өөлдүүд 11 багтай байсан бөгөөд баг бүхэн Цамбагарав уулаа тахидаг тахилгын овоотой байжээ. Тахилгат уулынхаа үр жимс, ургамлыг хөнддөггүй байсан бөгөөд гар хүрвэл тусгай уншлага уншин авдаг байсан уламжлал саяхныг болтол хадгалагдаж байжээ.
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших Улаагчны хар нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм. Аймгийн төвөөс 110 км, Эрдэнэхайрхан сумаас хойш 80 км зайд оршдог. Эргэн тойронд нь Товхошийн сүрлэг уулс бий.
Алтай Tаван Богдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага Түргэнийн хавцалд орших Бага Түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч урсаж байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон онгон зэрлэг байгаль дунд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод, хонин аарц ургадаг бол Бага Түргэний голын хавцал нь бор бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард уулын ширүүн урсгалт голыг өгсөж энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүрэг сүргээрээ дээшилж түрсээ шахдаг. Хүрхрээ орчмын нутаг дэвсгэрийг Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газрын аялал жуучлалын бүсэд хамруулсан ба түүнээс дээшхи улсын хил хүртэлх 10000 орчим га талбай газар нутгийг онцгой бүсэд хамруулжээ.
Хотон болон Хурган нуур нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг, Алтай Таван Богдын Цогцолбор Газарт багтдаг, 2.6км урт усан хоолойгоор холбогддог мөстлөгийн гаралтай цэнгэг уст нуурууд юм.
Энэхүү газарт 1731 онд Зүүнгар, Манжийн хооронд томоохон тулаан болж байсан бөгөөд түүхэнд Хотон нуурын тулаан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Байгалийн маш үзэсгэлэнтэй нуурын толионд мөнх цаст уулсын орой харагдах нь нэн үзэсгэлэнтэй.
Үүрэг нуур нь Баруун Монгол дахь Алтайн нурууны салбар Цагаан шивээт, Түргэний уулсын хоорондох битүү хотгорт тогтсон гадагш урсгалгүй нуур юм. Их нууруудын хотгорын баруун хойд, Увс нуурын ай савын баруун хэсэгт оршино.
Нуурын эрэг аажим налуу, мөлгөр чулуудтай тул усанд ороход нэн таатай. Зарим хүмүүс тус нууранд аварга амьтан бий гэлцдэг.
Баян-Өлгий аймгийн нутагт Алтай Таван Богд уулнаас эх авсан мөсөн голоос эхтэй цав цагаан өнгөөр урсдаг гол тул “Цагаан гол” хэмээн нэрлэсэн. Цагаан гол нь Ховд голд цутгах ба тус цутгаж буй хэсгийн ус 2 өөр өнгөөр урсаж аажмаар сүлэлдэж харагдах нь аялагчдад содон сонирхолтой.
Увс аймгийн Завхан, Наранбулаг, Цагаанхайрхан, Малчин, Хяргас сумын нутагт Их нууруудын хотгорт, Ханхөхий нурууны урд хэсэгт, Нуурын гадаргын талбай нь 1407 хавтгай дөрвөлжин талбай бүхий Хяргас нуурын эргийн хад юм.
Хяргас нуур нь тектоникийн хотгорт тогтсон учрахас эргийн шугам хэрчилт ихтэй. Тийм учраас хэд хэдэн нарийн хошуу түрж орсон байдаг. Эдгээр хошууд нь очиж үзэхэд нэн тааламжтой сэтгэгдэл төрүүлэхүйц юм.
Ховд сумын нутагт Хархираа, Түргэний уулсын баруун урд оршино.Байгалийн үзэсгэлэнт газар. Гоожуурын хүрхрээ 17м өндрөөс унана. Олон нуурын уулс нь д.т.д 3000м өндөр. Мөнх цас, сүрлэг хад уулс, улаан номд орсон нэн ховор ирвэс, аргаль, янгир, буга зэрэг 20 зүйлийн ан амьтан, 30 гаруй зүйлийн ургамалтай. Том жижиг 108 нууртай. Шар, ногоон, сүүн цагаан зэрэг олон өнгөтэй. Мөн Вансэмбэрүү цэцэг харах боломжтой.