Улаанбаатар хот болон хот орчимын тухай:
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй, Баянзүрх гэсэн 4 уулаар хүрээлэгдэн Туул, Сэлбийн бэлчирт, Алтан Тэвшийн хөндийд оршдог Монгол орны хүн ам, эдийн засгийн хамгийн их төвлөрсөн газар. Иймдээ ч нийслэл хотын иргэд амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхдөөрөө хотын ойр орчимд орших байгалийн сайхан газруудад аялах дуртай байдаг.
Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Улаанбаатар хотоос зүүн хойш 180 километр газарт оршдог. Хэнтийн нурууны салбар Бага Хэнтийн нурууны өвөрт Хийдийн сарьдаг, Хүнхэр уул, Асгатын сарьдаг уулсын дунд орших үзэсгэлэнт нуур. Уулын тагтад далайн төвшнөөс дээш 1817.3 метр өндөрт оршдог. Зарим судлаачид дөрөвдөгч их мөстөлтийн үед 20-80 метр өндөр, хааш хаашаа 5 х 6 килоеметр хэмжээтэй уулын хурдас мөнх цас цэвдэгт түрэгдэн уулсын ам хөндийг хааснаас үүдэн уулсын дундах хотгорт эргэн тойрны уулын оройд байх мөнх цэвдэг хайлж урсан хуримтлагдаж энэ нуур үүссэн гэж үздэг. Нуурын талбай 2.7 хавтгай дөрвөлжин километр, урт нь 2.5 километр, өргөн нь 1.1 километр. Дундаж гүн нь 11 метр бөгөөд хамгийн гүнзгий газартаа 25 метр хүрнэ. Эргийн зарим хэсгээр захаасаа дөнгөж 50 сантиметрийн цаанаас замагтай ус харлан харагдах нь энэ нуур хөлгүй гүн болохыг илтгэж байдаг. Хагийн хар нууранд очихын тулд машинаар явж болох газар хүртэл яваад, дараа нь явган эсвэл мориор аялан очдог.
Улаанбаатар хотоос 140 орчим км зайд Хэнтийн уулсын дунд орших Манжийн гүнжид зориулсан босгосон сүм. 1699 онд Манж Чин улсын хааны гүнж Монголын язгуур угсаат гэр бүлийн нэг Дондовдоржийн хатнаар өргөмжлөгдөн Халхын нутагт хүрч ирсэн билээ. Тэр гүнж 1740 оны үед нас барсан бөгөөд гэрээслэлдээ “Миний бие Монгол хүнтэй ханилан сууж хамаг насыг барсан тул аль хэдийнээ Монгол хүн болсон билээ. Тийм учраас намайг Монгол газар шороонд оршуулаарай ” хэмээн захижээ. Гүнжийн дагуул зарц нар нь Сөнчин отгийн хүмүүс хэмээн нэрлэгддэг байсан бөгөөд үе улиран түүний булш байгаа газрыг хамгаалсаар иржээ. Гүнжийн онгон 1930 он хүртэл хэний ч хөл хүрээгүй дархан газар байжээ.
Улаанбаатар хотоос баруун хойш 100 орчим км зайд буюу Төв аймгийн Борнуур сумын нутагт оршдог хийд. “Бурханч лам” хэмээн алдаршсан Г.Пүрэвбат лам 2015 оноос үүсгэн байгуулсан бөгөөд энэхүү сүмийг “Өлзийг бадруулагч хийд орон” болно хэмээн айлдсан байдаг.
Урьд энэ нутагт “Далан хар” хэмээх булаг урсаж, эргэн тойронд нь Далий ягаан хэмээх цэцэг ихээр ургадаг байсан учраас Далын ам хэмээн нэрийджээ. Тус ам байгаа уулыг Гарьд хэмээх агаад хад, мод алагласан, уулын сүрлэг үзэмжийг илтгэсэн газар юм. Тэрхүү сайхан тогтоцыг түшиглэн мөргөл залбирал үйлдэх буддын шашны ариун дагшин сүм музейг байгуулжээ.
Хан Хэнтийн Дархан Цаазат газарт орших Хэнтийн нурууны ноён оргил болох Асралт хайрхан уул нь ДТД 2800м өргөгдөн орших ба нийслэл Улаанбаатар хотын иргэдийн хамгийн ойрхон орших уулсын системийн ноён оргил билээ. Хэнтийн тайгын амьтан ургамал байгалийн хосгүй үзэсгэлэн бүрдсэн тус газрыг зоригсод цөөнгүй ба ихэвчихэн Төв аймгийн Батсүмбэр талаасаа Сөгнөгөр, Хүрхрээ голоо өгсөн, эсвэл Тэрэлж тосгоноос дээш Тэрэлж, Заан голуудыг өгсөн очдог.
Богд хан уул нь Монголын төдийгүй дэлхийн анхны дархан цаазат газруудын нэг юм. 1294 онд гаргасан Монгол Их Юань улсын хууль цаазын 398 дугаар бүлэгт “Богд хан уул, Отгонтэнгэр, Хан Хэнтий, Алтайн нүсэр даваа” зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудыг дархан цаазтай болгож байжээ. XII-XIII зууны үед Ван хан Тоорил дархлан тахиж Хан уул хэмээн нэрлэсэн домог байдаг.
1778 онд Монголын сэхээтнүүдийн нэг сайд Юндэндоржийн санаачилгаар Богд хан уулыг дархан цаазтай болгож 1957, 1974 онуудад дахин бататган дархалж, 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор дахин баталгаажуулсан байна. 1809 оноос Богдхан уулын 28 амыг цагдаатай болгож, нутаг дэвсгэрт нь орох зөвшөөрлийг Богд хаан гардан олгодог журамтай байжээ. Богд хан уул нь зүүнээс баруун тийш чиглэсэн гол нуруу, түүний салбар уулсаас тогтоно. Хамгийн өндөр оргил нь далайн төвшнөөс дээш 2268 метр өндөр Цэцээ гүн бөгөөд удаах нь 2256 метр Түшээ гүн оргил юм.
Улаанбаатар хотоос өмнө зүгт 43 километр зайд орших Төв аймгийн Зуунмод хотын төвөөс зүүн хойш 7 километрт Зуунмодны амны эхэнд Ачит дүйнхорын булаг хэмээх энгэр газар Манзуширын хийдийн туурь оршино. Далайн төвшнөөс дээш 1800 метр өндөрт шинэсэн ойн дунд байдаг. Манзушир хийдийн анхны сүмийг Манзушир ламтны анхдугаар дүрийн хувилгаан Лувсанжамбалданзан удирдан 1733 онд Богдхан уулын энгэрт бариулснаар Манзуширын хийдийн суурь тавигджээ.
Улаанбаатар хотоос зүүн тийш 53 км зайд төв зам дагуу байрлах Чингис хааны морьтой хөшөөт цогцолбор. 10м өндөр 36 багана бүхий тавцан дээр 30м өндөртэй морьт хөшөө бүхий тус цогцолбор одоогоор дэлхий дээрх хамгийн том морьт хөшөө. Тус байгууламжид музей, бэлэг дурсгалын дэлгүүр байна.
Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газар нь Улаанбаата хотоос зүүн хойш 50-70 км зайд оршдог. Хотоос холгүй энэ газарт байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хад, ургамал цэцэг, жигүүртэн шувуудыг харахаас гадна нүүдэлчдийн амьдралтай танилцах боломжтой юм. Тус газрын хадан уулс нь Мезозойн үеийн боржин чулуулгаас бүтсэн бөгөөд ус, салхи, он жилүүдэд идэгдэн сонин хачин хэлбэр дүрстэй болсон байдаг. Үүний нэг нь “Мэлхий хад“ хэмээн алдаршсан мэлхий дүрстэй том хад юм. Тэрэлжийн уулсаас Тэрэлж, Хурх, Баруун баян, Дунд баян, Зүүн баян зэрэг гол горхи эх аван урсаж Туул голд цутгадаг байна.
Дэлхийн хамгийн ховор зүйл зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулдаг Байгалийн Цогцолборт газар. Анхны 16 тахь авчирсаны дараа 1993 онд “Байгалийн нөөц газар”-ын зэрэглэлээр улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд “Байгалийн цогцолборт газар” болгон хамгааллын зэрэглэл ахиулсан. Өдгөө тахь сэргээн нутагшуулалт, идэвхтэй хамгааллын үр дүнд өсөн олширч, ирж суурьшсан нэн ховор, ховор олон зүйлийн амьтан ургамал, биологийн олон янз байдлыг 54 хүнтэй хамгаалалтын захиргаа хариуцан хамгаалж байна.
Монгол орны хамгийн том болор олборлож байсан хүний үйл ажиллагаагаар бий болсон уурхай-агуй. 1920-оод онд анх Хятадууд болор олборлож байсан тус газар том жижиг 20 гаруй олборлолтын нүх ухсан ч хожим хүн унаж бэртэхээс сэргийлэн зарим нүхнүүдийг тагласан. Одоо энд байгаагаас хамгийн урт нь 30м урттай Болорын агуй гэх тус нүх нь зуны цагт дотороо мөсөн унжлагатай байдаг тул аялагчдад сонирхолтой үзүүштэй байдаг.
Агуйн амсараар орохдоо болгоомжтой орох хэрэгтэй.
Түнхэл нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт, Зүүнхараа хотоос зүүн урагш 35 км зайд орших тосгон юм. Улаанбаатар хотоос төмөр замаар 3 цаг орчим яваад хүрнэ. Түнхэл тосгон нь Хараа голын хөвөөнд эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн байгалийн үзэсгэлэнтэй газар оршдог. Эндээс та бүхэн Ноён уул болоод Зүүнхараа руу аялаж болно.
Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул нь Чингис хаан 1202 оны намар Ван хантай хамт нүүдэллэж, анд болох, эцэг хүү болох, хамтран ажиллах тухай тангараглаж байсан нутаг. Өвөрмөц тогтоцтой, агуйнуудтай.
Аръяабалын хийд нь 2004 онд баригдаж дууссан бясалгалын сүм юм. Тус сүмийг “Гүнжийн сүм”-тэй андуурах нь бий. Улаанбаатараас 50 километрт орших энэ сүмийг анх Түвдийн нэгэн лам шинжиж “Энэ газар рашаан булгийн ундаргатай, байгалийн энергитэй газар учраас сүм, хийд байгуулахад тун тохиромжтой” гэжээ.
Сүм өөд өгсөх 108 чулуун шаттай. Сүмийг тойроод 108 жижиг суварга, шашны 8 тахил, хангагч эрдэнэ, соёмбо зэрэг бэлгэдлээр чимэглэсэн төмөр хашаатай бөгөөд сүмийн байшинг тойрсон 108 хүрд бий.
Санскрит хэлээр Аръяабал гэдэг нь Жанрайсиг гэсэн утгатай төдийгүй монголчилбол Чандмань эрдэнэ, лянхуа цэцэг баригч ажээ.
Хан хэнтийн дархан цаазат газрын Горхи-Тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 60км-т Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэн сонин тогтоцтой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр цохио байдаг юм. Энэ хадны өндөр 24 метр бөгөөд өмнө нь Мөнгөт цохио, Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.
Аялал харах
Аялал харах
Аялал харах
Аялал харах
Аялал харах
Аялал харах
Аялал харах
Аялал харах