Тайхар чулуу бол гадаад хүчний нөлөөгөөр Тамирын усны үйлдлээр эвдрээд үлдэж хоцорсон үлдэц боржин цохио юм. Тайхар гэдэг үгийг түүхчид Энэтхэгийн /Санскрит/ түрүү буюу их багш гэсэн үг гэдэг ба нутгийн зарим хуучцуул тэнд өртөөний тай байсан учраас гэр чулуу гэсэн үг сунжраад Тайхар чулуу гэж нэрлэх болсон гэдэг. Энэ цохионд Түрэг, Уйгур, Түвд, Монгол, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэсний бичиг үсэг бичсэн сийлсэн байдаг. Энэхүү голын хөндийд ганцаараа сүндэрлэн орших өнчин ганц цохио Тайхар чулуу бол газрын гадаргын хувьсалаар өөрчлөгдөн тогтож үлдсэн байгалийн чухал ховор дурсгал, хүний эрт үеийн бичиг үсэгийн түүхт дурсгал болох учир геологи, газарзүй, түүхийн ухааны болон ард түмний анхаарлыг эртнээс нааш татаж ирсэн. Аман зохиолын чанартай үлгэр домог бүхий 16 м өндөр сонин сайхан цохио тул замд тохиолдсон хол ойрын хүмүүс сонирхон үзэж сэтгэлээ сэргээдэг юм.