Аялал захиалах

Говийн аймгууд

Говийн аймгуудад үзэх газрууд

Говийн аймгуудын тухай: Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр

Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн өвөрмөц экосистемийн нэг болох говь цөлөөрөө алдартай. Хүмүүс Монголын говийг төсөөлөхдөө өргөн задгай үржил шимгүй газар юм уу үргэлжилсэн асар том элсэн манхануудыг төсөөлдөг. Монголын говиор аялахад таны төсөөлөл бүрэн тасрах болно. Монголын говь нь асар том элсэн манхан, өргөн задгай чулуурхаг боловч ургамалжсан тал хээр, амьтан, ургамал, баян бүрд, гол мөрөн, горхи бүхий гайхамшигт уулархаг уулстай. Энэ бүс нутаг нь байгалийн өвөрмөц тогтоц, мөн үлэг гүрвэлийн олдворууд, хоёр бөхт тэмээ зэргээрээ алдартай.

Аялах газрууд: Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Ёлын ам, Хонгорын элс, Баянзаг, Цагаан суварга, Бага газрын чулуу, Их Газрын чулуу, Онгийн хийд, Хэрмэн цав, Хамарын хийд,  Данзанравжаагийн музей

Үйл ажиллагаа: Тэмээ унах, морь унах, явган аялал, нүүдэлчдийн соёлыг мэдрэх, ан амьтдыг үзэх, палеонтологийн дурсгалт газар үзэх, фото аялал хийх

Бага Газрын чулуу

Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумдын заагт оршдог, 1768м өндөр, боржин хадат уул. Урт нь 15км, өргөн нь 10 гаруй км. Түүний боржин хадны судалд болор, молор, гянт, анзан элбэг. үнэг, чоно, хярс, мануул гэх мэт ан амьтан, нарийн өвслөг ургамалтай. Сонин хэлбэртэй хад цохио олонтой. Бага газрын чулуунд түүхийн олон үед хамаарах дурсгалууд бий. Хэд хэдэн аманд тархаж байрласан 200 орчим булштай. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, түрэгийн үеийн дөрвөлжин хашлага, зэл чулуу, Монголчуудын дундад зууны үеийн булш, хадны зураг байдаг. 

Холбоотой аялал

Цагаан суварга

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Баруун талаасаа тэгш тал учир харагдахгүй. Мөргөцөгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Өглөө эрт нар мандах агшинд маш сайхан солонгорч харагддаг.

Холбоотой аялал

Их газрын чулуу

Дундговь аймгийн нутагт оршдог 1706 м өндөр уул. Урт нь 30 км, өргөн нь 15км, боржин, асмалжин, толболжин гэх мэт гүний чулуулаг перм, цэрд гуравдагч галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуулгаас тогтжээ. Шилүүс, мануул гэх мэт ан амьтантай. Хээрийн ургамалтай. Жижиг агуйнууд, сонин хэлбэртэй хад цохио элбэгтэй. 

Холбоотой аялал

Хамарын хийд

Дорноговь аймгийн нутагт Сайншанд хотоос 50 орчим км-т орших XIX зууны үеийн Монголын их яруу найрагч Ноён Хутагт Данзанравжаа Саран хөхөө жүжгээ 1830-аад оны үед тоглуулж байсан хийд юм. Энэ хийдийг 1930-аад оны эцсээр тараан бусниулахад Данзанравжаагийн шавь Түдэв хийдийн ном судар, бурхан тахил бүх юмыг нуун хадгалж үр хүүхэддээ залгамжлуулан хадгалуулсаар 1990 онд сэргээхэд гарган өгчээ. Ингэж дахин сэргэсэн хийд юм. 

 

Холбоотой аялал

Ёлын ам

Гурван сайхан уулын нэг гайхамшиг нь 1965 оноос дархлан хамгаалж байгаа Ёлын ам юм. Энэ нь Даланзадгад хотоос баруун урагш 62 км зайтай орших 2815м өндөр оргил бүхий Зүүнсайхан уулыг зүүн хойшоо сэтлэн урссан голын тектоник гаралтай бачуу, хавцалд үүсчээ. Ёлын ам нь үүгээр урсах голын хавцал бөгөөд зүүн хойшоо нарийссаар хэдэн км үргэлжлэн уулаа огтолж, талд гарна. Ам төв хэсэгтээ 200 м өндөр цавчим элгэн хадан ханатай. Уулын тагт орсон борооны ус хавцлын тэр эгц ханан хадан хавцал дээрээс цацран буух 4 хүрхрээ үүсгэсэн нь бас нэг гайхамшиг. Хүрхрээнүүд нь хоорондоо хэдэн 100 м зайтай Бороо хуртай жил хүрхрээ олон үүснэ. Өвөл энэ хүрхрээ хөлдөөд цан хүүрэг савсуулан байх нь үзэсгэлэнтэй. Хавцлын хамгийн нарийн хэсэгт 2 хүн л зэрэгцэн гарч болно. Өдөр хэдийгээр нартай сайхан байсан ч яг энэ хэсэгт бүдэг харуй бүрэн болно. Ёлын амны хавьд аргаль, янгир зэрэг ховор амьтад бий.

Холбоотой аялал

Хонгорын элс

Сэврэй, Зөөлөн уулын араар 180 орчим км үргэлжилсэн 6-12 км өргөн, өвс ургамалгүй гөлөөн манхт сул элс юм. Манхны өндөр нь 100-300м хүрнэ. Том манхан дээр гарах гэж доод талаас нь өгсөхөд элстэйгээ буцаж нураад гутлаар, нил элс цутгаад тун хэцүү, манхан дээр ялигүй манарч харагдах нь манхны нүүлт явагдаж буй хэрэг юм. Хонгорын элс нь манай орны нутгийн 2.7 хувийг эзэлдэг элсний нэгээхэн хэсэг юм. Элсний хойд захаар Хонгорын гол гэдэг баян бүрд үүссэн нь нэн сонирхолтой. Аялагчдын хамгийн түгээмэл гардаг манхан бол Дуут манхан юм. Элсний ширхэгүүд хүчтэй салхинд доош гулган урсахдаа онгоцны дуу мэт авиа гаргадаг тул тус манханыг Дуут манхан гэж нэрлэсэн байдаг. 

Холбоотой аялал

Баянзаг

Өмнөговь аймгийн Булган сумын төвөөс зүүн тийш ойрхон оршино. Эндээс шинэ чулуун зэвсгийн үеийн дурсгалын зүйл их олддог. Мөн эндхийн Ширээ, Шавар зэрэг газраас Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн чулуужсан яс өндөг бүтнээрээ олон олдсон. Баян загийн бүсийн цаваас Америкийн нэрт судлаач Рой Чапмен Эндрюсийн судалгааны баг 1922 онд дэлхийд анх удаагаа үлэг гүрвэлийн 10-15 см өндөг олсон бөгөөд хүн төрөлхтөн 60-70 сая жилийн тэртээх үлэг гүрвэл өндөглөдөг болохыг мэдэж авсан.  Дэлхий дахинаа Flaming Cliffs нэрээр алдаршсан тус Улаан цохио өглөө үдшийн нарнаар Марс гарагийн гадаргуу шиг гайхамшигтай харагддаг. 

 

 

Холбоотой аялал

Хэрмэн цав

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвөөс баруун хойш 120км т орших палентологийн олдворт газар. Монголын хамгийн том цавын нэг. Дээд цэрдийн хурдаснаас теризизавр, завролоф, тарбозавр, эвэрт үлэг гүрвэл-багацератопс, овираптор, хуягт үлэг гүрвэлийн өндөг олдсон.  Мөн хөхтөн, жижиг гүрвэл-адошизавр, трохидендройдес, платанус төрлийн ургамал олддог. Өмнөговь аймгийн болон Монгол улсын 9 гайхамшигийн нэгд багтдаг.

 

Холбоотой аялал

Онгийн хийд

Онгийн хийд буюу Гүнджамбаалин хийд (Хотол өглөгч) нь Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт, Онги голын эрэг, Сайхан-Овоо уулын энгэрт байх туурь юм. Хутагт лам Ишдоньлхүндэв, түүний шавь Барь лам Дамцагдорж нар 1760-1810 оны хооронд бариулжээ. Оргил үедээ 1000 гаруй лам хуврагтай, халхын томоохон сүм хийдийн нэг байсан тус хийдийн туурь Сайхан-Овоо сумын төвөөс өмнө зүгт 18 км зайд оршино. Тус хийдээс 15 км зайтай, мөн Онгийн голын эрэг дагуу "Хошуу хурлын хийд" хэмээх бас нэгэн хийд байсан бөгөөд Онгийн хийдийн баруун жигүүрийн Хутагт ламын хийд, зүүн жигүүрийн Хамба Дамцагдоржийн хийдүүдийг хамтад нь "Онгийн гурван хийд" гэж нэрлэж байжээ. Онгийн хийдэд 4 сургалтын дацан хийд байсан бөгөөд шашны гүн ухаан, нууц тарни бясалгал, анагаах ухаан буюу мамба, тоон ухаан буюу математикийн чиглэлийн сургалтууд явуулдаг байжээ.

 

Холбоотой аялал

Говийн аймгуудад бидний санал болгож буй аяллууд: