Зүүн аймгуудын тухай: Хэнтий, Дорнод, Сүхбаатар
Энэ бүс нутаг нь дэлхийн хамгийн том бөгөөд хамгийн сүүлчийн эвдрэлгүй хээрийн экосистемийн нэг бөгөөд цагаан зээрийн гол амьдрах орчин юм. Гол мөрөн, үзэсгэлэнт нуураар таслагдсан том намгархаг газар, олон өнгийн зэрлэг цэцэгс, цагаан сүүлт зээрийн асар том сүрэг бий. Бүс нутгийн гол онцлог нь бэлчээрээс гадна Чингис хааны өлгий нутаг байсан Хан Хэнтийн уулс юм.
Аялах газрууд: Хан Хэнтий уулын Дархан Цаазат газар, Онон Балжийн байгалийн цогцолборт газар, Өглөгчийн хэрэм, Гурван нуур, Дэлүүн болдог, Балдан бэрээвэн хийд, Хар Зүрхний Хөх нуур, Рашаан хад, Дунд Жаргалантын буган хөшөө, Хөдөө арал, Хангал нуур, Балдан Бэрээвэн хийд, Халх гол, Буйр нуур, Их Бурхант цогцолбор, Ялалтын хөшөө, Дарьганга, Шилийн Богд, Алтан овоо, Талын агуй, Ганга нуур
Үйл ажиллагаа: Явган аялал, морь унах, нүүдэлчдийн соёлтой танилцах, байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах, зэрлэг байгальд буудаллах, загасчлах, шувуу ажиглах, хийд үзэх, гэрэл зургийн аялал, түүхэн аялал
Унаган төрхөө харьцангуй хэвээр хадгалан үлдсэн манай орны хамгийн том тэгш тал, Байгалийн өвөрмөц онцлог нь хүний сонирхлыг татдаг. 90 гаруй км урт, 60 гаруй км өргөн нутгийг эзлэн далайн түвшнээс дээш 600 м өндөрт оршдог тус газар монгол оны цагаан зээрийн нүүдлийн гол нутаг. Тус талаар явж Буйр нуур Халх голд хүрнэ.
Түүх, соёлын томоохон дурсгалуудын нэг Сүмбэр сумын нутагт орших "Их бурхант" чулуун бурханы цогцолборыг найман аюулаас аврах Арьяабал бурханч гэдэг. Түүний гарт нь арслан, заан, могой, гал, ус, гав гинж, хүний бодол санаа зэрэг найман утгыг агуулсан билэгдэл атгаастай байдаг. Их Бурханыг Монгол улсын дорнод хил хязгаарыг аюул гамшигаас хамгаалахын бэлгэдэл болгон барьсан гэж олны дунд яригддаг боловч To ван ард олон шүтлэг бишрэлээс шалтгаалж асар их эд хөрөнгө түвд, энэтхэг, хятад руу урсаж байгааг гярхай ажиглаж энэ бүх буяныг нутаг орондоо тогтоох зорилгоор барьжээ гэх мэт олон таамаглалууд байдаг.
Цагаан-овоо сумын нутагт баруун дөрөө нуурын зүүн урд Хэрлэн голоос хойш оршдог. Барс хотыг монгол нутаг дахь Киданы үеийн Х-ХI зууны хот суурины томоохон дурсгалын нэг болохыг эрдэмтэд тогтоожээ. Нутгийнхны Барс хот гэж нэрлэдэг суварга бүхий их хэрэмт хотыг судлаачид Барс хот I гэж бичиж тэмдэглэх болжээ. Барс хот I-ийн их хэрмийн хэмжээ нь хааш хаашаа 1600-1800м, зузаан нь 4м, өндөр нь 1,52м юм. Хэрмийн дотор болон зүүн талд тав, долоон давхар 2 суваргатай байжээ. Хэрмийн баруун өмнөд хэсэгт өндөр шороон довжоон дээр чулуугаар барьсан бага хэрмийн ор бий. 1940-өөд он хүртэл хананд нь том бурхны зурагтай байжээ. Хэрлэн барс хотын малтлагаас олдсон олборуудын ихэнх нь бурхан шашны зүйл боловч, чухамдаа жинхэнэ хот цэргийн хуаран байжээ гэж эрдэмтэд үздэг.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багийн нутагт Мөнх-Өлзийт уулын өвөрт 1777 онд Цэвээндорж гэдэг монгол лам анх жижиг сүм бариулж Манзушир бурханы чулуун дүрийг бүтээлгэснээр суурь нь тавигджээ. Улмаар 5000-6000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг болтлоо өсөж Монголын зүүн нутгийн ард түмний шашин соёлын төв болтлоо хөгжсөн байна. “Билэг өлзийт” хэмээх Цогчин дуган нь 3 давхар, 30 х 30 метр өргөн, 12 метр өндөр, 64 баганатай, боржин чулуун суурьтай, байгалийн чулуугаар бүтээсэн ханатай, сүншгийн, сахиусны, номын, хурлын зэрэг бие даасан хэсгүүд болон гонхны өрөө тасалгаануудаас бүрдсэн Монголын хамгийн том уран барилга юм.
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт байх байгалийн үзэсгэлэнт, тусгай хамгаалалттай газар нутаг. Аяга, Байц, Сүмбэр, Бэрх гэх мэт хадат уулс, Их ба Бага гүн хэмээх жижиг нуурууд, Галуутай, Шинэ булаг хэмээх горхинууд, Монголд томоороо 2 дугаарт орох Хэрлэн гол урсдаг. Улаанбаатар хотоос 130 км-т оршдог, Монгол орны талхлагдаагүй үлдсэн онгон байгаль, ан амьтантай нутаг бөгөөд Улаанбаатар хотод хамгийн ойрхон аргаль угалзтай бүс гэдгээрээ онцлог. Галуутайн горхи Хэрлэн голд цутгах хэсэгт нэлээд намагтай боловч шувуудын хувьд бол газрын диваажин мэт газар юм. Энэ хэсэгхэн намагтай газарт эрдэмтэд 100 гаруй зүйл шувуу байгааг тогтоожээ. Түүхийн хувьд Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн төрсөн нутаг бөгөөд түүний шүлэг яруу найрагт Гүн галуутайн байгалийн үзэсгэлэнг магтсан мөрүүд олон бий.
Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг. Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ.
Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залан «Чингис хаан» буюу «Далай их хаан» цол өргөмжилжээ. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.
Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.
Хэрлэнгийн баруун гарын цутгал Богдын гол, Илүүр гол, Ононгийн нэг эх Дээд тарсын голын эхэнд орших манай улсын их тахилгат уулын нэг 2332 м өндөр уул. Бурхан Халдун уул эзэн Чингис хааны амьдралд ихээхэн ээлтэй байсан түүхтэй.
Эзэн Чингис :
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан Халдун чамайг
Өглөө бүр мялааж
Өдөр бүр тахиж
Үе тутам
Үргэлж шүтье
/МНТ 103/ гэж андгайлан гэрээсэлсэн. Тэр үеэс энэ уулыг тахин шүтэж иржээ.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Хэрлэнбаян Улаан уулын өмнөх, Хэрлэнгийн тохойд орших 600км.кв хэмжээтэй энэ талын Аварга голын хойд дээр эзэн Чингис хааны Их Аураг орд байсан. Энэ газар түүхэн алдарт эх сурвалжит бичиг Монголын Нууц Товчоо бичигдэж дууссан учраас 1990 онд түүний 750 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хөшөөг босгосон юм.
Хэнтий аймгийн Дадал сумын Гурван нуурын амралтын газрын ойролцоо 1962 онд Чингис хаан мэндэлсний 800 жилийн ойгоор босгосон хөшөө юм. Уг хөшөөний загварыг уран барималч Л.Махвал зохиож 12 метр өндөр, 10 метр суурийн өргөнтэй, 4 метр зузаантайгаар хийж оройн хэсэгт Монголчуудын эртнээс нааш бадран мандахын билэг тэмдэг гэж үзэж ирсэн галыг бадамлан асаж буй хэлбэрээр дүрсэлсэн. Хөшөөний урд талд Чингис хааны босоо хөргийг төрийн зүтгэлтэн хүний эрхэмсэг төрхтэйгөөр сийлж, баруун дээд хэсэгт төрийн цагаан сүлдийг дүрслэн, Чингис хааны зүүн талд нь “Алд бие мину алжааваас алжаатугай. Аху төр мину бүү алдартугай” хэмээн хуучин монгол бичгээр бичсэн байдаг. Хөшөөний ар талд “Монголын тулгар төрийг байгуулсан Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойд зориулав” гэсэн бичээс байдаг.
Рашаан хад нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд 16-р зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын баялаг дурсгалтай цогцолбор хэмээн археологичид онцолдог. Энэ орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичээсүүд, чулуун зэвсэгнүүд, хүрэл, төмөр, хүннүгийн үед хамаарах булш олон байдаг. Мөн хүрэл, Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд байдаг. Рашаан хаднаа ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурж, овгийн хэдэн зуун тамгыг сийлсэн байхаас гадна Кидан, Араб, Перс, Түвд, Хятад, Монгол бичгээр 20 гаруй бичээсийг бичиж үлдээжээ.
Батширээт сумын төвөөс баруун урагш Баянгол, Өглөгчийн голын бэлчирт Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын амнаа чулууг шавар хаалтгүйгээр нямбайлан өрсөн хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3м орчим өргөнтэй 2 хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл хэрмийн ханын чулуун өрлөг зүүн өмнөд ба өмнөд хэсгээрээ тод мэдэгдэх ба бусад хэсгийг газрын хөрснөөс ялган харахад төвөгтэй болсон. Хэрмийн зузаан 2.5 м, ханын өндөр дунджаар 2.5-4.5 м, харин хамгийн өндөр хэсгээрээ 3.1 м хүрнэ. Хэрмийн дунд алсаас тод харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн ярьдаг. Хэрмийн дотор барилга байсан ул мөр байхгүй бөгөөд түүний дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэн XII-XIV зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан гэж үздэг.
Дорнод аймгийн Халхгол сумын төвөөс баруун хойш 65 км-т оршино. Буйр нуур бол манай орны хамгийн олон зүйлийн загастай нуур юм. Нуурын усны гүний дундаж 6 метр бол хамгийн гүн хэсэгтээ 16 метр хүрдэг. Буйр нуур далайн түвшнээс дээш 583 метр өндөрт өргөгджээ.
Дорнод аймаг, Халх гол сум Монгол Зөвлөлтийн баатарлаг дайчин мөнхийн гавьяат үйлсэд зориулан Халх голын ялалтын 45 жилийн ойг тохиолдуулан 1984 онд Хамар даваанд энэ хөшөөг босгосон юм. Энэхүү сүрлэг гэрэлт хөшөө нь манай хоёр орон, нам ард түмэн, зэвсэгт хүчний найрамдал, ах дүүгийн барилдлагааны мөнхийн дурсгал болж байна.
Монголын эрсийн цог хийморийг бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул аймгийн төвөөс 180 км зайтай. Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн, галт уулын хүрмэн чулуу их, амсар нь баруун хойшоо сэтэрч урссан. Дарьгангын байгалийн цогцолборт газарт багтана.
Сүхбаатар аймгийн Дарьганга суманд зүүн урагш 60 км-т далайн түвшнээс дээш 1778 метрт оршдог. Дарьгангын энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг 200 орчим эртний сөнөсөн галт уулыг харж болох бөгөөд уулсын оройг зориуд засаж янзлан зүсэж авсан мэт үнэхээрийн үзэсгэлэнтэй харагдана
Шилийн богд уулаас баруун хойш 14 км-т цагаан тал дээр оршино. Галт уулын хүрмэн чулууны хийн зайд тогтсон энэ агуй 10000 орчим шоо метрээс илүү багтаамжтай 200 гаруй метр урттай бөгөөд манай галт уулын хүрмэн чулууны хийн зайнд үүссэн агуйнуудын хамгийн том нь юм. Талын агуй бол Монгол оронд мэдэгдээд байгаа 200 гаруй агуйнуудаас хамгийн үзэсгэлэнтэй нь юм.
Агуй дотор хүрмэн чулуун асга хад, мөсөн цацаг, цан хүүрэгтэй хүрмэн чулуу хөрөхдөө мушгиран унин тогтсон сонин тогтоцтой нэн үзэмжтэй.