Аялал захиалах

Төвийн аймгууд

Төвийн аймгуудад үзэх газрууд

Төвийн аймгуудын тухай: Архангай, Өвөрхангай, Баянхонгор

Үзэсгэлэнт, онгон дагшин, зэрлэг ан амьтдаар баялаг бөгөөд түүхэн өөр өөр цаг үеийн түүх, соёлын олон чухал дурсгалуудыг хадгалсаар ирсэн. Монголын төв хэсэгт ойт хээр, уулархаг хээр, говь цөлийн бяцхан хувилбар бүхий байгалийн өвөрмөц бүсүүд, тэдний сэтгэл хөдөлгөм байгалийн үзэсгэлэнт газрууд, соёл, түүхийн сонирхолтой зүйлсийг олж мэдэх боломжтой.

Аялах газрууд: Хангайн нуруу, Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуур, Чулуутын хавцал, Хөгнөханы байгалийн нөөц газар, Элсэн тасархай, Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хар Хорум, Буддын шашны Эрдэнэзуу хийд, Төвхөн хийд, Цэнхэрийн халуун рашаан, Хөшөө цайдамын хөшөө, Орхоны хүрхрээ,

Үйл ажиллагаа: Явган аялал, морь унах, тэмээ унах, нүүдэлчдийн соёлыг мэдрэх, хийд үзэх, газар үзэх, Орхоны хөндийн түүхт дурсгалуудтай танилцах, загасчлах, шувуу ажиглах, зэрлэг байгальд буудаллах.

Булган уул

Булган уул нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын хойморт орших бөгөөд байгалийн үзэсгэлэнт байдлыг нь харгалзан 1965 оноос хамгаалалтанд авч улмаар 1996 он Байгалийн Дурсгалт Газар болгосон. Булган уул ой мод, хадлан бэлчээрийн ургамалаар нэн баялаг тул тус орны ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургана. Энд гүзээлзгэнэ, хад тошлой, самар, таван салаа, тарваган шийр, сөд, царван, алтан гагнуур, бамбай, ганга, нохойн хошуу, гишүүнэ, хунчир, зэрэг эмийн ургамал ургана. Мөн цагаан төмс, мэхээр, бүүргэнэ, гонид зэрэг хүнсэнд хэрэглэгддэг ургамалтай. Булган ууланд Хангайн бусад нутгийн нэгэн адил хар мод, хуш зэрэг шилмүүст мод хус улиас, улиангар, хайлаас зэрэг навчит мод байдаг. Буга, бор гөрөө, шилүүс, гахай, мануул, хэрэм, жирх, үен, солонго, үнэг, чоно, чандага, туулай, агнуурын шувуунаас хур, сойр, ятуу, хөтүү, жигүүртнээс харцага, бүргэд, ууль, шар шувуу, алаг шаазгай, хон хэрээ, тагтаа зэрэг ан амьтан, жигүүртэн шувуудтай.
Заяын гэгээний хүрээ

Булган уулын эрд энгэрт байрлах тус хийдийг 1696 онд барьж байгуулсан бөгөөд II-VI Заяын хутагтууд сууж байсан ба их хэлмэгдүүлэлтийн үед устаж нураалгүй үлдсэн цөөн шашны төвийн нэг. Өдгөө тус хийд музейн хэлбэрээр ашиглагдаж байна.

Холбоотой аялал

Тэрхийн цагаан нуур

Тэрхийн Цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ.
Цэнгэг устай, 16 километр урт, хамгийн өргөн хэсгээрээ 6 километр, талбай нь 61 хавтгай дөрвөлжин километр, гүн нь 20 метр, далайн төвшнөөс дээш 2060 метрт оршдог. Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг нь Суман гол бөгөөд цааш 50 километр урсаад Чулуутын голд цутгана. Нуурын голд жижиг арал оршиж шувууд үүрээ засаж өндөглөнө.

Улаанбаатар хотоос 660 орчим км-т орших тус нуур хүрэх замын ихэнх буюу 640 орчим км нь хатуу хучилттай зам.

Галт уулын гаралтай тул нуурын ёроол тэгш бус тул усанд шумбахдаа болгоомжтой орохгүй бол хөл гараа зүсэж гэмтээх эрсдэлтэй.

Холбоотой аялал

Тэрхийн цагаан нуурын домог

Нуур буй газар урьд өвс бэлчээр сайтай уужим тал байжээ. Тал дунд нэг худаг байсан бөгөөд өвгөн эмгэн хоёр тэр худгаас ус аваад худгаа тагладаг байжээ. Гэтэл эмгэн нь нэг удаа ус аваад худгаа таглахаа мартчихжээ. Тэр шөнө худаг нь оргилж алтан дэлхийг усны үер авах аюул нөмөрсөн үед Бөхмандал гэгч нэгэн их хүчтэн Уран мандал уулын оройг тасдан аваад худгийн ам руу шидэн хаасанд хальсан ус Тэрх цагаан нуур болон тогтжээ. Ийнхүү гэнэт нуур тогтсоныг нутгийн нэгэн хүн хараад “тэр их нуур”-ыг хараач гэсэнд уг нуурыг тэгэж байснаа хожим нь Тэрх болон хувирчээ. Бөхмандалын авчирч худгийн амыг хаасан гэдэг толгойг Нуур толгой гэдэг бөгөөд үнэхээр ч Нуур толгойг Уран мандал уулын оройд аваачаад тавьчихвал яг эвээрээ таарах шинжтэй аж.

Холбоотой аялал

Хоргын тогоо

Архангай аймгийн Тариат сумын дэргэд Тэрхийн цагаан нуурын зүүн, Суман голын хойд биеэр орших хэдэн мянган жилийн өмнө оргилж байгаад унтарсан галт уулын хүрмэн чулуу гадаргат нутаг. Хоргын тогоо, Тэрхийн цагаан нуурыг 1965 оноос дархлан хамгаалж, улмаар 1994 онд УИХ-аас Байгалийн Цогцолборт Газар ангилалд хамруулан хамгаалах болсон. Хоргын тогоо уул нь 250 орчим метр өргөн, 100 гаруй метр гүнзгий бөгөөд давхар амсартай тогоотой.  Хоргын урд хэсгээр халуун лаавын царцах үеийн хийн хөөсний хальсанцараас үүссэн хүрмэн чулуун гэрүүд бий. Зарим чулуун гэрүүд нь “Үүд” “Тооно”-той гэдэг нэртэй агаад өндөр нь 1.7м хүрдэг.  

Хоргын өөр нэг гайхамшиг бол тэндхийн хүрмэн чулуун гадаргын завсар зайд ургасан намхан загзгар хуш модны самар болон бусад жимс нэн элбэг байдаг явдал. Бас хүрмэн чулуунд агуй хонгил элбэг. Хорго уулаас 20 орчим километрт Босгын, Хярын, Сугын тогоо гэж гурван унтарсан галт уул бий.

Холбоотой аялал

Тайхар чулуу

Тайхар чулуу бол гадаад хүчний нөлөөгөөр Тамирын усны үйлдлээр эвдрээд үлдэж хоцорсон үлдэц боржин цохио юм. Тайхар гэдэг үгийг түүхчид Энэтхэгийн /Санскрит/ түрүү буюу их багш гэсэн үг гэдэг ба нутгийн зарим хуучцуул тэнд өртөөний тай байсан учраас гэр чулуу гэсэн үг сунжраад Тайхар чулуу гэж нэрлэх болсон гэдэг. Энэ цохионд Түрэг, Уйгур, Түвд, Монгол, Манж, Хятад зэрэг эрт эдүгээгийн олон улс үндэсний бичиг үсэг бичсэн сийлсэн байдаг. Энэхүү голын хөндийд ганцаараа сүндэрлэн орших өнчин ганц цохио Тайхар чулуу бол газрын гадаргын хувьсалаар өөрчлөгдөн тогтож үлдсэн байгалийн чухал ховор дурсгал, хүний эрт үеийн бичиг үсэгийн түүхт дурсгал болох учир геологи, газарзүй, түүхийн ухааны болон ард түмний анхаарлыг эртнээс нааш татаж ирсэн. Аман зохиолын чанартай үлгэр домог бүхий 16 м өндөр сонин сайхан цохио тул замд тохиолдсон хол ойрын хүмүүс  сонирхон үзэж сэтгэлээ сэргээдэг юм. 

Холбоотой аялал

Цэнхэрийн халуун рашаан

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт Цэцэрлэг хотоос урагш 27км орчим зайд байдаг. Далайн төвшнөөс дээш 1860 метрт өргөгдсөн, аглаг ой бүхий уулын бэлд оршдог. Халууныхаа үзүүлэлтээр Монголд хоёрдугаарт ордог ба газрын гүнээс секундэд 10 литр хүртэл ундран гардаг рашаан юм. Дөрөвдөгч галавын үед үүссэн гэж эрдэмтэд үзсэн бөгөөд хөрсний устай холилдохгүйгээр 65-90 хэмийн халуунтайгаар ундардаг.

Хүхэрт устөрөгч, цахиурын нэгдэл агуулдаг шүлтлэг рашаан бөгөөд эрт дээр үеэс тус рашааныг эмчилгээнд ашиглаж байсан ул мөр ойр орчмоос нь олддог байна. Хуян хөөрөх, мэдрэлийн судас үрэвсэх, булчин чангарах өвчин, үе мөчний өвчин, үений үрэвсэл, зөөлөн эдийн гэмтэлд тустайгаас гадна хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг сайжруулах, цагаан мах эргэхийг зогсоох, цус багадалтыг хэвийн болгох, эмчилгээний дараах дархлааг сайжруулах, ядаргаа тайлах, ядаргаанаас үүдэлтэй арьсны эмгэгийг засах, ил шарх сорвийг арилгах, чихрийн шижин өвчинг засахад эерэг нөлөөтэй ажээ. Бага тунгаар уух, рашаанд тодорхой хугацаагаар орж гам барих аргуудаар эмчилдэг байна. Цэнхэрийн халуун рашаан байгаа тус бүс нутаг нь Хангайн нурууны салбар уулсад хамаарах ба ойр орчинд нь Борт тал, Гялгар, Цагаан сүм гэх мэт халуун рашааны ундаргууд бий.

Холбоотой аялал

Өгий нуур

Улаанбаатараас 330 км зайтай газар 1337 м үнэмлэхүй өндөрт орших ба 5.3 км өргөн, 7 км урт 25 км кв талбайтай баруун хэсэгтээ 3.4-5м гүн зүүн хэсэгтээ 15м гүн юм. Өмнөөс нь Хөгшин Орхон гол цутгаж, баруун хойш богинохон гүн хоолой гарч Орхонтой нийлнэ.  Дулааны улиралд ангир, нугас, хун, галуу, зуун хурга, цахлай зэрэг шувуу энэ нуурт үлэмж олноороо байдаг боловч их зам хөлийн газар ойртвол их хашир болжээ. Энд байдаг хун шувуу манай орны дархан цаазтай 29 зүйлийн амьтны нэг юм. Өгий нуурын ариг цэнгэг тул, цурхай цагаан зэвэг, хэлтэг зэрэг 14 зүйл загастай, баялаг цэнгэг уст олон сайхан нуурын нэг. 

Холбоотой аялал

Хар балгас

Төв Азийн нүүдэлчин ард түмний дунд YII-IX зууны үед ээлжит төр улсаа байгуулан 100 орчим жил оршин тогтнож байсан, Уйгарын хаант улсын нийслэл Орду балык гэдэг их хотын үлдэгдэл Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхоны баруун хөндийд буй бөгөөд үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.
Эртний судлалын бичиг судрын мэдээгээр үзвэл, Хар балгас Уйгурын хааны төрийн өргөө, төрийн яам, гар үйлдвэр, худалдааны хороод, шашны сүм, бэхэлсэн цайз хэрмээс бүрдсэн бөгөөд урагшаа 25 км баруун тийш 5 гаруй км зайд үргэлжилсэн их хот байсан нь мэдэгджээ. Хар балгас бол Монголын төдийгүй дэлхий дахины түүх, соёлын нандин өвийн нэг юм.

Холбоотой аялал

Хөшөө цайдам

Хархорин сумаас зүүн тийш засмал замаар 46 км зайд, тус дурсгалт газар байх бөгөөд VI-VIII зууны үед Орхоны хөндийг эзэгнэж байсан Түрэгийн түүхэн дурсгалт газар юм. Хөшөө Цайдам музейд Билгэ хааны онго, тахилга, түүнийг малтах явцад олж илүүлсэн хааны эрдэнийн шувуу зуусан дүрс бүхий цул алтан титэм, алтан эдлэл, ээмэг зүүлт, мөнгөн буга зэргийг байрлуулжээ.

Энэ том хөшөө нь Билгэ хаан, өөрийн дүү жанжин Күль-Тегинд зориулж босгожээ. Хөшөөний бичээс эртний Руни бичиг бөгөөд анх Судар бичгийн хүрээлэнгийн Д.Нацагдорж хөшөөг хамгаалалтанд авах саналыг гаргаж, хамгаалалтанд авч байсан бол билгүүн эрдэмтэн Б.Ренчин бичгийг анх орчин цагийн монгол хэлнээ хөрвүүлсэн гэдэг. Хөшөөний ард Хятад ханз үсэг тухайн үед хөрш нь Тан улс ноёрхож, түүний хаан эмэгтэй хүн байсан.
Түрэг болоод Тан улсын харилцаа мөн үед эв найртай байсан бөгөөд Күль-Тегин жанжин нас барсанд гашуудсан эмгэнэлийн захидал ирүүлсэн тул түүнийг хөшөөний ар талд Билгэ хаан сийлүүлжээ.

Холбоотой аялал

Үүртийн тохой

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хужирт сумын заагт Орхон голын урд эрэгт орших 100м орчим эгц эрэгтэй үзэсгэлэнтэй мөрөгцөгт тохой. Мөрөгцөгийн бэлд сулавтар үйлчилгээтэй тунгалаг рашаантай. Бороотой үед Үүртийн тохой руу уруудаж буухдаа гулгамтгай шавраас халтирч Орхон голд унахаас болгоомжлох хэрэгтэй. Үүртийн тохой бол Орхоны эхэн дэх Тэмээн чулууны хөшөө дурсгал, Улаан, Цагаан, Орхоны хүрхрээ, Хоргой хүрэм, Усан цэргийн тохой, Найман нуур, Цагаан Азаргын үзэсгэлэнт хөндий, Улаан голын буган хөшөө, Орхоны эхний олон жижиг агуй, Хан Баяны сөнөсөн галт уул, Тонгоргон даваа, Могойт, Цагаан чулуу, Гятрууны халуун рашаан зэрэг байгалийн үзэсгэлэнгээр гайхам нутагт зорчих үүд нь болдог. 

Холбоотой аялал

Төвхөн хийд

Архангай, Өвөрхангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойш 2312 метр  Өндөр овоот уулын оройд Өвөр агуйт  оршино. Хужиртаас Орхон голыг гатлан гарч Төвхөний зүүн сувгаар урсах Нарийн гол гэдэг горхийг өгсөн уулын бэлд хүрнэ. Бэлээс уулын орой хүртэл 5 км орчим явган явж очно. Төвхөн хийд нь 20-оод метр өндөр том эгц хадан цохионы өвөрт засаж тэгшилсэн талбайд орших бөгөөд 1651 онд баригдсан юм. Анхдугаар Богд Занабазар тус хийдэд байхдаа Соёмбо үсгээ зохиосон гэдэг. 

Архангай, Өвөрхангай аймгийн заагт орших тус хийд нь Төвдийн хийдүүдийн нэгэн адил уулсын өндөрлөг хэсэгт барьж байгуулсан Монголын цөөн хийдүүдийн нэг.

Холбоотой аялал

Шанхын хийд

1650-д онд байгуулагдсан Монголын эртний хийдэд Өндөр гэгээн Занабазар багадаа тоглож өссөн байдаг. Тухайн цагт тус хийдэд 1500 гаруй лам сууж байв. Мөн түүнчлэн нэгэн цагт Чингис хааны цэргийн хар тугийг хадгалдаг байсан гэдэг. Бусад газрын нэгэн адил 1937 онд хийдийг хааж, сүм хийдүүдийг шатааж, олон лам нарыг Сибирь рүү илгээжээ. Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд таван лам өөрсөддөө маш их эрсдэлд орж, хийдийг нууцаар орон нутгийн гэрт амьдруулж байжээ. Эдгээр лам нарын нэг нь 1990 онд хийдийг дахин нээжээ.

Холбоотой аялал

Хар Хорум /Хар Хорин/

 
Торгоны замын уулзвар Орхоны хөндийд 1220 онд байгуулагдсан Монголын их гүрний эртний хот бөгөөд үлгэр домогт хот юм. 1220 онд Чингис хаан өөрийн өргөн уудам Монголын эзэнт гүрний нийслэлийг Хар Хорумд барихаар шийджээ. Чингисийг нас барсны дараа түүний хүү Өгөөдэй хаан хотыг барьж байгуулжээ.
Хот  нь эргэн тойрон хүрээлсэн шавар хэрэмтэй, дөрвөн талдаа хаалгатай, төв хэсэгтэй огтолцсон их гоё гудамжтай, энэ нь гар урлал, худалдаа арилжаа, орд харш, сүм хийдийн гэх үндсэн хэсэгт хуваагдаж байсан нь археологийн малтлагаас харагддаг. Өгөөдэй хааны ордон нь өндөрлөж дагтршуулсан шороон довжоотой түүн дээр суурилсан 64 багана бүхий байжээ. Түүнийг “ Түмэн амгалант орд “ гэдэг. Уг орд нь 2800 шоо талбайтай алтан дээвэртэй нэн гоёмсог орд байжээ. Хархорум нь XIII – IY зуунд дэлхийн улс төр, цэрэг дайн, эдийн засаг, соёл иргэншилийн том төв хот байсан ба 4 х 4.5 км талбайг хамран оршиж байсан. Энэ хотыг байгуулж Их Монгол улсын нийслэл болгох ажил Өгөөдэй хааны үеэс эхэлжээ. Харин 1235 онд Хархорум хотыг өргөтгөн барьж дуусжээ. Энэ үеэс Их Монгол улсын хааны өргөө Хэрлэнгийн хөдөө арлаас Орхонын хөндийд шилжин иржээ. Хархорум хотыг 1380 онд Хятадын Мин улсын цэрэг эвдэн шатааж түүнээс хойш хэд хэдэн удаа сүйрэлд орсноор XV зууны эхэн үед уг хотыг шатаажээ. Хархорум хот 140 жил  байсны 32 жилд нь Монголын эзэнт улсын нийслэл байв. 1961 онд Хархорум хотын туурийг улсын хамгаалтанд авчээ. 
Холбоотой аялал

Эрдэнэзуу хийд

Манай оронд ирдэг гадаадын жуулчдын нэг гол сонирхдог обьект болох Эрдэнэзуу хийдийг халхын хамгийн нөлөө бүхий ноён Абтай сайн ханы санаачлагаар ХIII зууны Монголын нийслэл Хар Хорум /Хархорин/ хотын суурин дээр 1586 онд байгуулжээ. Эрдэнэзууг барьж байгуулахад Хар Хорум хотын барилгын элдэв материал, буурь чулуун баганын үлдэгдлийг ашиглажээ. Хааш хааш 400м урттай 108 суваргаар тойруулсан тус дуган суврагуудыг барих ажил XYI зууны эхэн үеэс XIX зууны эхэн үе хүртэл үргэлжилжээ. Эрдэнэзуугийн төв дундах том зайг Өлзий хутагтын талбай гэх бөгөөд түүн дээр Абтай сайн ханы гэр байсан гэдэг. Хожим 1658 онд болсон монголын ноёдын халхын чуулганд зориулж барьсан  “Бат-Өлзий” хэмээх том гэр байсны өргөн чулуун дугуй хүрээ  /45 м голчтой/ одоо үлджээ. Эрдэнэ зуугийн сүм дуганууд XYII зууны үеийн монголын уран барималч, зураач, дархчуулын хийсэн алдарт бүтээлүүд, гар зураг, хээ угалз, сийлбэр баримал, цутгамал бурхад, суврага, тогоо,  сангийн бойпор, сав суулга, хонх, очир, ганжир, үнэт чулуун чимэгтэй хоргол мандал, цамийн баг хувцас зэрэг соёл урлагийн үнэт өвийг хадгалж иржээ.

Холбоотой аялал

Хүйсийн Найман нуур

Хангайн нурууны баруун урд хэсэгт Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших өвөрмөц тогтоцтой, байгалийн үзэсгэлэнт нутаг. Геологийн болон ус судлалын үнэт дурсгал, Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Онон, Дөрөө, Баян-Уул зэрэг хоорондоо газрын гүний судлаар холбогдсон цэнгэг уст нууруудыг Хүйсийн найман нуур гэж нэрлэдэг. 

Холбоотой аялал

Улаан цутгалан

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутагт “Улаан цутгалан” хэмээх Монголын хамгийн их устай хүрхрээ бий.  Уг хүрхрээ нь Бат-Өлзий сумын төвөөс баруун тийш 30 орчин километрийн зайтай, 20 гаруй метрийн өндөрөөс буух 5 орчим метр өргөнтэй хүрхрээ юм.  Үүнийг зарим хүн “Орхоны хүрхрээ” хэмээн нэрлэх тохиолдол байдаг. 

Орхон гол нь Өндөр хясааны талаас Онгоцотын ам хүртэл 50 орчим километр газар ойролцоогоор 20 орчим метрийн өндөртэй хадан хавцал дундуур урсдаг. Энэ хавцал руу Улаан гол буухдаа уг хүрхрээг үүсгэжээ. Голын ус доош буухдаа хүрмэн чулуун тавцанг идэн ухарсаар Орхон голоос 100 орчим метр холдож, 10 орчим метр гүн цүнхэл үүсгэсэн байна.

Холбоотой аялал

Элсэн тасархай

Элсэн тасархай нь Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

Энд та бүхэн тэмээ унах, элсэн манхан дээгүүр алхах бүрэн боломжтой.

Холбоотой аялал

Төвийн аймгуудад бидний санал болгож буй аяллууд: