Дундговь аймгийн Дэлгэрцогт, Адаацаг сумдын заагт оршдог, 1768м өндөр, боржин хадат уул. Урт нь 15км, өргөн нь 10 гаруй км. Түүний боржин хадны судалд болор, молор, гянт, анзан элбэг. үнэг, чоно, хярс, мануул гэх мэт ан амьтан, нарийн өвслөг ургамалтай. Сонин хэлбэртэй хад цохио олонтой. Бага газрын чулуунд түүхийн олон үед хамаарах дурсгалууд бий. Хэд хэдэн аманд тархаж байрласан 200 орчим булштай. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, түрэгийн үеийн дөрвөлжин хашлага, зэл чулуу, Монголчуудын дундад зууны үеийн булш, хадны зураг байдаг.